Түр хүлээнэ үү

logo

Т.АЧИЙМАА: Сурах гэдэг бол зовлон биш жаргал гэдгийг “Гэгээ”-д яваад ухаарсан

2021-04-26

Ц.Гэрэлтуяа

“Гэгээ” боловсролын төв нийгмийн хариуцлагын хүрээнд, ахлах ангийн сурагчдад зориулан “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөр зарлаад 3 дахь жилээ үдэж байна. Энэ хугацаанд бид нийт 50 гаруй сурагчийг хүссэн хэлнийхээ бүх түвшинд үнэгүй суралцах эрхээр шагнахын сацуу хувь хүн талаас нь хөгжүүлэхийг хичээсэн юм. Энэ жилийн тэтгэлэгт сурагчдын нэг Т.Ачиймааг бид энэ удаагийн “Gegee Talks” буланд зочноор урилаа. Тэрээр өөрийгөө ялан дийлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр шамдаж яваа нэгэн бөгөөд өөрийн маш гайхалтай түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Түүний яриаг уншаад та уярч, ухаарч, урам авна гэдэгт итгэлтэй байна.

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Намайг Т.Ачиймаа гэдэг, “Смарт” ахлах сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Би “Гэгээн гүүр” тэтгэлэгт сурагч.

“Гэгээн гүүр” тэтгэлэгт сурагч болсон түүхээс нь хоёулаа яриагаа эхэлье?

- Би анх их санамсаргүй байдлаар “Гэгээ” боловсролын төвийн талаар мэдэж авсан юм. Өнгөрсөн есдүгээр сард “Гэгээ” “Winnie Pooh” хүүхэлдэйг ашиглан “Бид таныг гацаанаас гаргаж чадна” гэсэн утгатай сонирхолтой бичлэг хийсэн байхыг би олж үзсэн (Та уг бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРААРАЙ). Тэр бичлэг их таалагдсан болохоор “Гэгээ” боловсролын төвийн хуудсаар зочиллоо. Азаар тэр үед “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг олж харсан бөгөөд яг л “Чи хүрээд ир ээ” гэж намайг урин дуудаад байгаа мэт санагдсан юм. Тэгээд шууд эссегээ бичээд явуулж байлаа.

Азтай тохиолдлоор энэ хөтөлбөрийн талаар мэдэж авчээ. Нууц биш бол, эссен дээр юуны тухай бичиж байсан бэ?

- Би өөрийнхөө ирээдүйг өдөр бүр дотроо төсөөлөн боддог. Би ирээдүйд “influencer” буюу нөлөөлөгч болохыг хүсдэг. Нийгэмд зөв хандлагыг түгээж, бусдад нөлөөлж чаддаг хүн болоход надад англи хэл маш хэрэгтэй. Тиймээс “Гэгээн гүүр” тэтгэлэгт тэнцэж англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа тухайгаа бичсэн. Харин ярилцлагын шатанд кино найруулагч болох хүсэлтэйгээ ярьсан. Би хүний эрхийн талаар их эмзэг ханддаг. Тиймээс киногоор дамжуулан хүмүүст хүний эрхийн талаар ойлголт өгч, нөлөөлөхийг хүсдэг юм. Кино хүмүүст яаж нөлөөлдгийг “Kung Fu Panda” киноноос харж болно. Энэ хүүхэлдэйг гарсны дараа америкчуудын Хятадын талаарх төсөөлөл сайжирсан шүү дээ.

Тийм шүү. “Гэгээ”-д сурч эхэлсэн анхны сэтгэгдлээ хуваалцвал?

- Би “Гэгээ”-д тавдугаар түвшингээс сурч эхэлсэн. Өмнө нь би 1 цаг ч тууштай сууж чаддаггүй хүүхэд байлаа. Тэгтэл эхний хичээл дээр Э.Цэлмэг багш “За, хүүхдүүд ээ, 2 цаг сууж ном уншина” гэж хэлэхэд “яана даа” гэж бодсон шүү. Тэгтэл багш номоо уншаад тайлбарлаад эхлэх үед яг л үлгэр сонсож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Бүр үйл явдал нь кино үзэхээс ч илүүгээр төсөөлөлд тод бууж байсан нь гайхмаар.

"Багш нар сурагчдаа огтхон ч уйдаахгүй, дүрмээр нүдэхгүй, үг цээжил гэж шахахгүй, зүгээр л дуртай тоглоомоор нь дамжуулж мэдлэг олгож байгаа мэт англи хэлийг заадаг болохоор “Гэгээ”-ийн арга барил надад маш их таалагдсан."

Анх нэг цаг ч сууж чаддаггүй байсан гэлээ. Хоёр цаг тасралтгүй сууж сурахад хэр хугацаа шаардсан бол?

- Эхний өдөр ийш, тийшээ нүд гүйх, өөр зүйл хармаар санагдах зэргээр анхаарал бага зэрэг сатаарсан. Гэхдээ багш бидний анхаарлыг сайн татаж, сатаарах гэнгүүт “гүнзгий амьсгаа аваад, цэх суугаарай” гэж сануулсан болохоор төвлөрч сурахад урт хугацаа шаардаагүй. Түүнээс хойш хичээлийн хоёр цаг харвасан сум шиг л өнгөрдөг болсон. Covid19-ийн улмаас би “Гэгээ”-д нэг ч удаа танхимаар сууж үзээгүй, бүх хичээл онлайнаар орсон юм. Гэрээсээ онлайнаар сурахад их тухтай, цагт хэмнэлттэй санагддаг. Үүний зэрэгцээ багш маань яг л жаахан хүүхдийг илээд, урмаар тэтгээд, эвээр хандаж байгаа мэт бидэнтэй харьцдаг байсан нь гоё.

Сургуулийнхаа цахим хичээлд суухын хажуугаар англи хэлнийхээ онлайн сургалтад суухад хэр ачаалалтай санагдаж байсан бэ?

- Цахим хичээлээ үзсэний дараа “Гэгээ”-ийн ангидаа суухаар яг л кино үзэж байгаа мэт тайван амгалан мэдрэмж төрдөг. Түүнчлэн “Гэгээ”-ийн багш нар гэрт их даалгавар өгдөггүй. Өглөө гэхэд, ангид уншсан хэсгээ давтаад уншаарай, 1 минут өөртэйгээ англиар яриарай зэрэг жаахан л даалгавар өгнө. Тиймээс ямар нэгэн ачаалал дарамт мэдрэгдэж байгаагүй.

Хамгийн сүүлд аль түвшний ангид суусан бэ?

- Би нэгдүгээр сард Sarah багшийн IELTS ангид сууснаар “Гэгээ”-г төгссөн. Анх “Гэгээ”-д сурч эхлэх үеийн “би”, төгсөх үеийн “би” хоёрын хоорондох ялгаа их. Яг л “Winnie Pooh” анимейшн дээр гарч байсан шиг англи хэл гэдэг зөгийн балаа би идээд эхэлчихсэн/инээв/. Энгийн жишээ гэвэл, би subtitle-гүйгээр кино үзэж чаддаг болсон.

“Гэгээ”-д ойролцоогоор гурван сар сурчээ. Тэгэхээр арга барилын талаар тодорхой ойлголттой болсон болов уу гэж бодож байна. “Гэгээ”-ийн арга барилыг өөрийн үгээр тайлбарлавал?

- “Гэгээ” сурагчдынхаа урд гараад хүчээр чирэх биш, араас нь зөөлөн түлхэж өгдөг гэж би боддог. Багш нар хэзээ ч биднийг даалгавар, дүрмээр шахдаггүй. Хичээл бүрийн төгсгөлд бидэнд зөвлөгөө, урам өгч, өөрийн түүхээ хуваалцдаг байсан. Сурах гэдэг бол зовлон биш жаргал гэдгийг “Гэгээ”-д яваад ухаарсан даа. Англи хэлийг зорилго биш, зорилгодоо хүрэх нэг шат, хөшүүрэг гэж авч үзвэл сурахад илүү амар байх болно гэж багш нар маань хэлдэг. Энэ нь ч надад их түлхэц болсон. Түүнчлэн сурагчдынхаа тархи руу нэг дор их хэмжээний мэдлэгийг чихэх биш, бага багаар оруулдаг нь их амар байдаг.

Манайд тавдугаар шатнаас эхэлж сурсан гэхээр англи хэлний суурь сайн байжээ. Өмнө нь англи хэлээ хэрхэн сурч байсан бол?

- Би хоёрдугаар ангиасаа дүрэм үзэх байдлаар англи хэл заалгаж эхэлсэн. Тэгэхээр дүрмээ мэддэг, өгүүлбэрийн бүтцийг ойлгодог байсан. Түүнчлэн би өмнө нь кино үзээд дуурайж жүжиглэдэг байсан маань их хэрэг болсон болов уу. Гэхдээ миний өмнө нь 9 жил англи хэл сурсан туршлагаас “Гэгээ”-д сурсан зүйл маань хоёр дахин илүү өгөөжтэй мэт санагддаг.

Ямар ч номыг эх хэл дээр нь унших илүү гоё гэдгийг “Гэгээ” надад мэдрүүлж өгсөн.

Би урьд нь “Twilight” цувралыг монголоор л уншдаг байлаа. Англиар нь уншъя гэсэн бодол хэзээ ч толгойд орж ирж байгаагүй. Харин “Гэгээ”-д сурсны дараа зориг гаргаад эхний ботийг англиар уншсан. Монголоор уншсанаас хамаагүй өөр мэдрэмж авсан шүү.

Баяртай байна. Хамгийн сүүлд манай IELTS-д бэлдэх ангид сурчээ. IELTS ангийн талаар сэтгэгдлээ хуваалцвал?

- Би одоо 10 дугаар анги. IELTS шалгалт өгөх болоогүй болохоор энэ ангид суухгүй гэж бодож байлаа. Тэгтэл Э.Цэлмэг багш маань “Айх хэрэггүй дээ. Суугаад үз” гэж зөвлөсний дагуу би IELTS ангид орохоор болсон юм. Хичээлийн эхний өдөр Т.Баяр багш яг л эртний танилтайгаа уулзаж байгаа мэт бидэнтэй халуун дулаанаар мэндчилэх үед миний дотор байсан айдас, сандрал байхгүй болчихсон шүү. Анх би IELTS-ийг хад чулуу мэт хэцүү шалгалт гэж боддог байлаа.

“IELTS бол цоожтой хаалга юм байна. Түлхүүрийг нь олчиход л болох юм байна”

Т.Баяр багшийн ангид сууснаас хойш “IELTS бол цоожтой хаалга юм байна. Түлхүүрийг нь олчиход л болох юм байна” гэдгийг ойлгосон. Харин Sarah багш байнга инээмсэглэж, бидэнд хичээлээ ойлгуулахын тулд нэг асуудлыг 3 удаа тайлбарлаж өгдөг байсанд их баярладаг. Манай багш нар бүгд хичээлдээ маш сайн бэлддэг, сэтгэлээсээ заадаг. IELTS-д бэлдэх ангиудыг төгссөний дараа энэ шалгалт хэцүү биш гэдэг ойлголттой болсон. Би 11 дүгээр ангиа төгсөх үедээ шалгалтаа өгнө гэж төлөвлөж байгаа.

“Гэгээ”-д сурснаар IELTS-ийн шалгалт хүнд санагдахаа больсон гэлээ. Тэгэхээр хэлний мэдлэг, чадвар талаасаа ихээхэн сайжирчээ. Харин хувь хүн талаасаа хэр өөрчлөгдсөн бол?

- Би “Гэгээ”-д сурахаасаа өмнө их бүрэг хүүхэд байсан. Харин одоо би хүний өөдөөс хараад инээмсэглэж чаддаг, түрүүлж мэндэлдэг, илүү нээлттэй нэгэн болсон. Э.Цэлмэг багш хичээлийн үеэр үргэлж инээмсэглэдэг болохоор би багш шигээ хүн болох юмсан гэж боддог байлаа. Тиймээс хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлж эхэлсэн юм. Миний хувьд “Гэгээ” бол зүгээр нэг боловсролын төв биш, харин гэр бүл мэт мэдрэмж төрүүлдэг. Яг л ээж, ааваараа хичээл заалгаж байгаа мэт санагддаг.

Хэрвээ Ачиймаа “Гэгээн гүүр” тэтгэлэгт тэнцээгүй байсан бол…?

- Хэрвээ би “Гэгээн гүүр”-т тэнцээгүй байсан бол… Их харанхуй санагдаж байна. Гэртээ л, компьютерээ нүдээд, англи хэлийг өөрийгөө зовоож сурдаг, хүнтэй мэндэлж чаддаггүй, бүрэг, хүний өөдөөс инээмсэглэж чаддаггүй хэвээрээ байх байсан болов уу.

Урьд нь их бүрэг байсан талаараа ярилаа. Гэхдээ өөрийгөө ялан дийлээд “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөөд, бүр тэнцсэн байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөөд үзэх урам, зоригийг хаанаас олж авсан бол?

- Би өөрийнхөө нэг бодлыг хэлмээр байна. Хүн зорилгодоо хүрэхэд хөшүүрэг заавал хэрэгтэй. Тэр хөшүүрэгт нь харин хоёр тулах цэг байдаг гэж би боддог. Нэг нь өвдөлт, нөгөөх нь мөрөөдөл. Хүн мөрөөдөх үедээ өөрийнхөө ирээдүйг хамгийн сайхнаар төсөөлж, хорвоо ертөнцөөс тасардаг. Харин өвдөлтийг мэдрэх үедээ хүн “Би хэзээ ч ийм болохгүй. Ийм хэвээрээ байхгүй” гэсэн айдсыг мэдэрдэг болов уу.

Би “Гэгээн гүүр” тэтгэлэгт тэнцэж чадахгүй бол мөрөөдлийн “American Film Institute” сургуулиа холоос нулимстай нүдээр ширтэж байна гэж төсөөлсөн. Энэ өвдөлтийг төсөөлж мэдэрснээр би “заавал тэнцэх ёстой” гэдэг хүч, зоригийг өөрөөсөө олж авсан юм. Тэтгэлгийн ярилцлагын үеэр би толгойд орж ирсэн бүхнээ яриад л байлаа, яриад л байлаа. Гэхдээ ярьж дуусаад өрөөнөөс гарах үедээ би өөрийгөө “тэнцсэнгүй дээ, уначихлаа даа” гэж бодсон. Харин над руу тэнцсэн хариуг утсаар мэдэгдэхэд би шууд уйлчихсан. Тэр үедээ би өөрийгөө мөрөөдлийн сургуулийнхаа хаалгыг татан орж байна гэж баяртайгаар төсөөлсөн шүү.

Ямар сайхан түүх вэ. Хүсэл мөрөөдөлтэй ч түүндээ хүрэх зориг, өөртөө итгэх итгэлээр дутагдсан хүүхдүүдэд хандаж урмын үг хэлбэл?

- Мөрөөдөөд л суух юм бол түүндээ хүрэх боломж 0 хувь. Оролдоод үзвэл 50 хувийн боломжтой. Харин өглөө бүр зорилгоо бодож сэрээд, хичээгээд, хөдөлмөрлөөд байвал мөрөөдлөө биелүүлэх боломж 100 хувь болно. Хөдөлмөр хэзээ ч хүнээс урвадаггүй гэж би боддог. Бүр болохгүй бол мөрөөдөлдөө хүрч чадахгүй нь гэж төсөөлөөд өвдөлтийг мэдрээд үзээрэй.

Энэ зөвлөгөөг уншсан хүн бүр хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Харин англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа үеийнхэндээ хандан хэл сурах талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

- Өөрийгөө огтхон ч битгий зовоогоорой. Би “Гэгээ”-д сурахаасаа өмнө өөрийгөө их зовоодог байсан. Харин “Гэгээ”-д явснаар өдөр бүр давтахын ач холбогдлыг ойлгосон. Тиймээс өдөр бүр ном унш, уншихдаа чангаар дуудаж унш, аудио ном сонс гэж зөвлөе. Харин дүрэм нүдээрэй гэж би ерөөсөө зөвлөхгүй. Жаахан хүүхэд бусдыг дуурайж хэлсээр байгаад хэлд ордог. Тэд дүрэм гэж огт мэдэхгүй мөртлөө зөнгөөрөө яриад сурчихдаг. Үүний адилаар, гадаад хэлийг сурахдаа номыг чангаар дуудаж унших, дуртай киноныхоо жүжигчдийг дуурайх нь үр дүнтэй шүү. Гол нь, өдөр бүр давтамжтай хийх нь чухал.

Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүсэж байгаа зүйл бий юу?

- Багш нартаа хандан, “та нар бол миний амьдралдаа учирч байсан хамгийн том influencer-үүд шүү” гэж хэлье. Хүмүүс “Чи гурван сарын өмнө миний нүд рүү харж чаддаггүй байсан. Харин одоо өөртөө итгэлтэйгээр, үнэхээр их ярьдаг болчихжээ. Яаж ийм болов оо” гэж гайхан асуудаг. Намайг ийм болгосон та нартайгаа учирсандаа би үнэхээр их баярладаг. Та нар миний хувьд зүгээр нэг багш биш, ээж аав шиг хүмүүс шүү.

Э.Цэлмэг багш бол хэзээд “зүгээр дээ” гэж хэлээд толгой илбэдэг эгч шиг байсан. Тиймээс 4 долоо хоногийн дараа өөр багшийн ангид сууна гэхэд үнэндээ уйлмаар санагдаж байлаа.

Харин Т.Баяр багш бидэнд “сайн өнгийгөөд харвал ямар ч зүйл тийм хэцүү биш шүү” гэдгийг ойлгуулсан role model маань.

Sarah багш харин… ммм Godmother юм уу. Юу ч асуусан бай, огтхон ч төвөгшөөхгүй тайлбарлаж өгдөг, маш их тэвчээртэй хүн. Ээж хүн л үрдээ гаргамаар их тэвчээрийг бусад хүмүүст ч гаргаж болдог гэдгийг Sarah багшаас л харсан даа. Намайг амьдралдаа олон шатаар ахихад тусалж дэмжсэн багш нартаа, “Гэгээ”-дээ маш их баярлалаа.

Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр их амжилтыг хүсье.

Ярилцлагыг бэлтгэсэн: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.