Түр хүлээнэ үү

logo

Б.БАЯРЦЭЦЭГ: “Гэгээ”-ийн сургалтын стандарт зүгээр л гайхамшигтай

2021-04-11

Ц.Гэрэлтуяа

 

Уянгалаг сайхан хоолойгоороо монголчуудын хэдийнэ танил болсон дуучин, МУСТА Б.Баярцэцэг “Gegee Talks” булангийн энэ удаагийн дугаарт оролцлоо. Тэрээр “Гэгээ” төвд хятад хэл сурсан сэтгэгдэл, туршлагаа бидэнтэй хуваалцсан юм. Түүнчлэн та бүхэнд зориулаад гадаад хэл сурахад хэрэгтэй гурван зөвлөгөө өгсөн шүү. Түүний амттай яриаг хамтдаа шимтэн уншъя. 

- Сайн байна уу. Таны хятад хэл сурч эхэлсэн түүхээс хоёулаа яриагаа эхэлье?

- Би одоогоос хоёр жил гаруйн өмнө МУГЖ Ш.Алтанцэцэг эгчээсээ ажил хэргийн шугамаар “Гэгээ” боловсролын төвийн талаар анх сонсож байлаа. Тухайн үед би хятад хэл сурахыг хүсдэг ч хэцүү гэж халширсаар хойш тавьчхаад байсан юм. Ерөнхийдөө миний хятад хэл сурах эхлэлийг тавьсан хүн бол Ааяа эгч маань гэж хэлж болно. Намайг сурч эхлэх үед “Гэгээ” боловсролын төв УИД-ийн хажууханд байрладаг байлаа. Урлагийн хүмүүс бид тоглолт ихтэй, төвлөрч суух боломж бага болохоор дундаас нь завсарлачихсан байсан юм. Харин өнгөрсөн жил хөл хорио тогтоонгуут “Гэгээ”-дээ дахин сурч эхлээд 9 дүгээр түвшин хүртлээ тууштай явж байна.  Яг сурсан хугацаагаа нэгтгээд бодвол, 3-4 сар орчим болжээ.

- Та ч их эртний сурагч байх нь. “Гэгээ” төвд суралцаж эхлэх үеийн анхны сэтгэгдлээ эргэн дурсвал? 

- Нэгдүгээр түвшинд маань захирал Б.Билгүүн багш өөрөө зааж байлаа. Эхний өдрөөсөө шууд л нүдлүүлэх зарчмаар “Улаан малгайт” үлгэр уншиж эхэлсэн. Сонирхолтой нь, ангидаа олон давтаж уншсан хэсгээ гэртээ очоод харахад бараг цээжилчихсэн байлаа. Би өөрөө ч, манай гэрийнхэн ч их гайхсан. Хичээлийн эхний өдрөөсөө л маш олон ханз, үг мэддэг болсондоо би баярлаад ойр хавийнхаа хүмүүст “Гэгээ”-ийн талаар зөндөө магтаж ярьснаа санаж байна. Би анх “Улаан малгайт” үлгэр уншсанаа хэлтэл танай менежер “Та ёстой “эртний” хүн байна” гэсэн. Үнэхээр л хоёр, гурван жилийн өмнө “Гэгээ”-д сурч эхэлж байлаа. Хөл хорионы үеэс эхлээд “Гэгээ”-ийн “тавилга” болчихов уу гэлтэй шат бүрдээ давтан сууж байна. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрчээ. Нэг мэдтэл есдүгээр түвшиндээ ирсэн байна.

- Сайхан түүх байна. Та хөл хорионы үеэр хэддүгээр түвшингээс эхэлж онлайнаар сурсан бэ? 

- Би 1-4 дүгээр шат хүртлээ танхимаар сурчихсан байсан юм. Тиймээс хөл хориог ашиглаад тавдугаар түвшингээсээ эхэлж онлайнаар сурч байна. Сурсан зүйлсээ эргээд харахаар, нэг мэдэхэд л маш олон ханз мэддэг, уншаад ойлгодог болчихжээ.

- Нэг мэдэхэд л маш олон ханз нүдэлчихсэн байсан гэлээ. Үүний нууц нь юу гэж та боддог вэ?

- Өнөөдөр хичээл дээр сурсан үг маань маргаашийн унших зохиолд, дараагийн шатанд давтагдаад гардаг болохоор хурдан тогтоосон болов уу. Түүнчлэн анх хятад хэл сурч эхлэхэд надад нэг айдас байлаа. Энэ олон мянган ханзны хөгийг яаж зөв сурах вэ, би сурч чадах болов уу гэсэн айдас. Надтай адилхан айдастай хүмүүст хандаж хэлэхэд, ханзаа олон дахин давтаад чангаар уншаад байвал хөг хурдан суудаг юм билээ. Тэгэхээр ер нь л давталт их чухал юм байна.

- Та гэртээ хэрхэн хичээлээ давтдаг бол. Олон хүмүүст сонирхолтой байгаа болов уу? 

- Хятад хэл гэлтгүй ямар ч зүйлийг сурахын тулд хүн заавал цаг зориулах хэрэгтэй. Би өмнөхөөсөө илүү их хятад дуу сонсож, олон ангит кино, телевизийн шоу үздэг болсон. Эхэндээ нэг, хоёр үг ойлгохоороо баярлаад, урам авдаг байлаа. Харин одоо 80 орчим хувьтай ойлгож байна. Хамгийн сүүлд “Love Designer” гээд кино үзлээ. Түүнчлэн түгжрэлд дунд олон цаг өнгөрүүлж байхдаа FM-ийн оронд аудио хичээлээ сонсдог болсон. Хичээл дээр уншсан хэдэн түүхүүдээ сонссоор байгаад бараг цээжилсэн дээ/инээв/.

- Та манай суурьгүй анхан шатнаас эхлээд HSK5 шалгалтад бэлдэх анги хүртэл бүх түвшинд суужээ. Тэгэхээр “Гэгээ”-ийн арга барилыг тодорхой хэмжээнд ойлгосон болов уу гэж бодож байна. Та манай арга барилыг өөрийн үгээр тайлбарлавал?

- “Гэгээ”-ийн манай монголчуудад танилцуулж, нэвтрүүлж байгаа энэхүү сургалтын стандарт их сонирхолтой. Нэг ч ханз мэдэхгүй, нэг ч удаа хятад хэлний хичээлд сууж үзээгүй хүн анхны өдрөөсөө шууд хятадаар үлгэр уншаад эхэлдэг. Ингэж уншсаар нэг мэдэхэд л маш их ханз мэддэг болчихсон байдаг. Энэ хэцүү хэлийг маш богино хугацаанд сурах боломж олгож байгаа “Гэгээ”-ийн арга барилд их баярлаж байна. Урлагийн хүмүүс бидэнд олон оронд очих шаардлага гардаг. Өөр оронд явахдаа өдөр тутмын энгийн зүйлсийг бусдын тусламжгүйгээр хэлээд, яриад ойлголцож сурах зайлшгүй хэрэгтэй. Тиймээс наад зах нь 2-3 хэлийг сайн сурсан байх хэрэгтэй гэж хувьдаа боддог. Хятад хэлийг сурахад хэцүү гэж их олон жил хойш тавьсан. “Гэгээ”-д сурснаар тодорхой хэмжээнд ойлгодог, ярьдаг болсондоо баяртай байгаа.

- Та орос, англи хэлтэй. Энэ хоёр хэлийг сурсан арга барил нь одоо таны хятад хэл сурч буй арга барилтай хэр төстэй бол

- Тэс өөр. Би багадаа орос хүүхдүүдтэй тоглож өссөн болохоор өөрөө их хичээхгүйгээр сурчихсан гэж хэлж болно. Англи хэлийг бол үзэж, заалгаж байгаагүй хүн ховор. Бидний үздэг, сонсдог, хардаг бүх зүйл англи хэл дээр байдаг болохоор энэ хэлийг сурахад дөхөм байдаг болов уу. Харин хятад хэлийг сурахдаа бол би яахын аргагүй их цаг зориулсан. Учир нь, хөтөлбөр маань өөрөө их сонирхолтой, өөрийн эрхгүй цаашаа сураад л байх сэдлийг төрүүлдэг. Хятад хэлийг ханз цээжилснээр л сурчихна гэж хэлж болмооргүй шиг байгаа юм. Энэ улсын хэл, соёл, философийг хүндэтгэж байгаа гэдгээ өөрийн ярианы агуулгаар илтгэх ёстой учраас би үүнд их ач холбогдол өгч, цагаа зориулсан. Дуртай, сонирхолтой болохоороо л ингэж цаг зарцуулж байгаа хэрэг. 

- Хүмүүс хятад хэлийг сурахад олон жилийг зарцуулах хэрэгтэй гэж ярьдаг. Харин та манайд 3-4 сар сураад өөрийн хүссэн түвшинд хүрчээ. Үүнд манай арга барил, таны хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Түүнээс гадна багшийнх нь ур чадвар ч нөлөөлсөн болов уу. Та багш нарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцвал? 

- Мэдээж тэгэлгүй яах вэ. “Гэгээ”-ийн багш нар их чадварлаг, мөн найрсаг. Гадаад хэл сурах бол хэцүү гэсэн сэтгэгдлийг бидэнд огт төрүүлдэггүй. Тиймээс сурагчид ямар ч дарамт, стрессгүй сурч, хичээлээ дуртай байдаг. Би эхний шатандаа Б.Билгүүн багшаар заалгаж байлаа. Дараа нь Болорсан, Мөнх-Эрдэнэ, Буянжаргал багшийн ангид суусан. Багш нартаа их баярладаг шүү.

 

"Гадаад хэл сурах бол хэцүү гэсэн сэтгэгдлийг бидэнд огт төрүүлдэггүй."

 

- Таны уншсан 9 номоос аль нь хамгийн их таалагдаж, сэтгэлд үлдсэн бол?

- Хоёрдугаар шатанд уншсан “Жиагийн гэр бүл” гээд бяцхан гөлөг, охин хоёрын тухай түүх сэтгэгдэл тод үлдсэн байна. “Нохой ч гэсэн манай гэр бүлийн гишүүн биш юм уу. Яагаад орхих ёстой юм бэ. Би нохойгоо авч явмаар байна” гээд Минзи охин уйлдаг хэсгийг уншаад бараг дагаад уйлж байлаа. Тэр өдөр гэртээ хариад номоо давтан уншиж байхад “Хятад хэл сурч эхэлсэн маань их зөв боллоо. Цаг хугацаагаа маш гоё зүйлд зориулж байна” гэсэн мэдрэмж төрж байсан. Би хувьдаа аливаа гадаад хэлээр дуулахын тулд тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн соёл, философийг мэддэг, ойлгодог байх хэрэгтэй гэж үздэг. Тийм болохоор хятад хэл сурахад цаг хугацаагаа зориулсандаа их баяртай байгаа.

- Та хөл хориог ашиглаад HSK5-д бэлдэх анги хүртлээ сурлаа. Түүнээс гадна өвлийн хэлний бэлтгэлд суугаад амжсан. Энэ тухайгаа дэлгэрэнгүй яривал? 

- “Гэгээ” олон шат сурсан сурагчдаа Бээжин дэх Санхүү, Эдийн засгийн их сургуулийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамруулдаг юм билээ. Намайг олон шат явсан болохоор энэ хөтөлбөрт явах эрхээр шагнасан юм /инээв/. Хэлний бэлтгэлийн эхний өдрөөс л багш нар эссе бичүүлээд эхэлдэг юм билээ. Би эгчийнхээ хүүхдийн зүрхний хагалгааны талаар чадах хэмжээндээ л бичээд өгсөн. Мэдээж алдаа гаргасан. Гэхдээ багш маань миний эссег ойлгосон, уншаад уярсан гээд намайг их магтаж урамшуулсан шүү. Ингэж сурсаар нэг мэдэхэд л сертификаттай болсондоо итгэж өгөхгүй л байгаа. Ер нь хөл хорионы үеийг хүмүүс их сайн ашигласан гэж бодож байна. Манай ангиуд бүгд л анги дүүргэлт бүрэн эхэлж байсан.

- Хятад хэл сурахыг хүсдэг олон хүн энэхүү ярилцлагыг уншиж байгаа болов уу. Та тэдэнд зориулаад өөрийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгнө үү. Ер нь хятад хэлийг яаж сурвал хурдан, арай амар байдаг юм бол?  

- Мэдээж “Гэгээ”-ийн хөтөлбөр нь хятад хэлийг сурах явцыг илүү дөт, амар болгож байгаа. Түүнээс гадна өөрийн хувийн туршлагаас хуваалцвал, аливаа гадаад хэлээр ярихдаа үгээ буруу дуудчих вий гэсэн айдас надад байдаг. Ер нь гадаад хэлээр аялгагүй цэвэр ярихыг хичээдэг гэсэн үг. “Гэгээ”-д сурснаар би энэ айдсаа амархан давчихсан. Багш нарын маань хэлсэн урмын үгс, зөвлөгөө нөлөөлсөн болов уу. Хичээлийн эхний өдөр Б.Билгүүн багшаараа “Дуучин хүн сонсгол сайтай болохоор үгээ гоё, цэвэр дуудаж байна” гэж магтуулсан юм. Энэ яриагаараа би юу хэлэх гээд байна вэ гэвэл, аливаа хэлийг сурахад ямар ч айдасгүй байх ёстой юм билээ. Хоёрдугаарт, сурч буй хэлэндээ дурлах хэрэгтэй юм шиг. Би урьд нь хятад дуу огт сонсдоггүй байсан. Харин одоо их сонсдог болсон. Түүнчлэн нэг болон олон ангит кино үзэж байгаа. Ялангуяа түүхэн сэдэвтэй кинонд жүжигчид үгээ их хурц, тод хэлдэг болохоор үзэх дуртай. Гуравдугаарт, сурах газраа зөв сонгох нь чухал. Та бүхнийг “Гэгээ” боловсролын төвийг зориорой гэж уриалмаар байна. Яагаад гэвэл, сургалтын стандарт нь гайхамшигтай. Хятад орны соёл, хятад хүмүүсийн философийг өдөр тутамд унших энгийн түүхээрээ дамжуулан ойлгуулдаг. Яаж яривал, ямар хэлц, хэллэг ашиглавал тэдний хэл, соёлд нь хүндэтгэлтэй хандаж байгааг илтгэх вэ гэх мэт нарийн зүйлс ч агуулгад нь багтдаг. Сурагчид өөрөө бол их хугацаа зарцуулж ойлгох байсан зүйлээ хичээл дээрээ сураад авна гэдэг их давуу талтай.

- Бидэнд өөрийн үнэтэй цагийг зориулан хятад хэл сурсан туршлага, сэтгэгдэл, арга барилаасаа хуваалцаж, манай уншигчдад зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Таны цаашдын сурлага, хөдөлмөр, урлагийн их үйлсэд өндөр амжилт хүсье. 

- Та бүхэнд ч мөн амжилт хүсье. “Гэгээ” төвийн багш нартаа баярлалаа. Түүнчлэн надтай хамт сурч байсан бүх ангийнхандаа мэнд хүргэе. “Нэг үүдийг нээвэл үүд, үүд нээгдэнэ” гэж манай “Гэгээ”-ийн уриа үг бий. Бидний ажил хэрэг, бизнес, карьерт гадаад хэл сурах маш чухал. Тиймээс би “Гэгээ” боловсролын төвд сурсандаа их баяртай байгаа. Та бүхэн маань ч өөрсдөдөө олон гайхалтай үүд хаалгыг нээгээрэй. Ялангуяа Covid19 өвчин их тархаж байгаа энэ үед онлайнаар сурвал үр дүнтэй байх болов уу. Та бүхэндээ амжилт хүсье.

- Ярилцсанд баярлалаа. 

Ярилцлагыг бэлтгэсэн: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.